2008-09-20
Хээрээр Гэр, хэцээр дэр*
хээрээр гэр, хэцээр дэр хийгчийн замнал
Залуу насны залруул ашгүй алдаа
Зам мөр, зөв буруугийн дундуур явсаар,...
хээр хөдөө онгож гандсан нүүр царай, зожгорсон бодол санаатайгаа уулын хэцэд тамхи угсаруулан нэрж суулаа. Ажлын завсар зайл-хайнд сумын төв рүү нэг ороод гарах зуур бага насны маань байдаг дурсамжийг сэдрээсэн салхин сэвшээ, хөдөөгийн нэгэн сумын намхан байшингууд дундуур татсан утас, шонгийн модны үзүүрт гунигтай ульж, салхин сэвшээ нэг ширүүссэнээ дахин цуцалтгүй үлээж, хэлгүй цагаан салхи он цагийн уртад бүүдгэртсэн дурсамжид хүрэх ямар нэгэн төд замыг зүрх дайруулан татна.
хааяагүй л сумын төв болгонд байх таруу байрласан намхан байшингууд дундуур хэрсэн утасны мод, юунд ч эс торох хэрийн салхийг тийнхүү зүсэж, цаазлан хуваахдаа, бага насны маань айдас гуниг төрмөөр гэрт хүйтэн, гадаа дулаахан байдаг өдрүүдийг санаанд минь авчирна. 9 сарын нэгэн дөхөөд хүүхдүүд сургууль даа яаран одож, саахалт хот айлын дуу шуугаан намжин эзгүйрч, гагцхүү эзгүй гэрт би ганцаараа даалуу өрж, чүдэнзний хайрцгаар машин хийж, зөвхөн өөрөө өөртэй-гээ дүнгэр дүнгэр ярилцах зуур эзгүй гэрийн яндан даанч чийртэй тон тон цохилох нь, хавар намар цагийн хавсрагатай жихүүн салхины энэ муухай дуугаар санагалзана.
Үнэндээ бол саяхан хотоос ирээд говьд түлээ түлш болчих юм ховор тул ойр байгаа өвөлжөөнөөс 10 хоногтоо элбэг хүрэлцэх хөрзөн татахад хамар сэтэрчих гээд байсан хирнээ, багадаа би үүнийг чинь толгой дээрээ асгаад, хувцас хунар, хөнжил гудсанд маань хөглөрч байдаг байсан шүүдээ гэж нэхэн саналаа ч нэмэр болоогүй юмдаг. Харин одоо бол, одоо бол... өөр хэрэг, тэр л бодол санааны маань үзүүрт тэмтрэгдэх төдий дурсамжийнхаа аль нэгтээ зоогдоод үлдчихмээр санагдаж байна.
Хээр гадаа ганцаараа явна гэдэг хэзээний нэг ийм, соргог мэдрэмжтэйсэн гэж сэтгэлийн угаас жирэлзэх бодлууд шивнэсээр аараг толгодын дунд, хараа сайтай сайхан нутаг юм, өдийд хангайд намаржаад сэрүүхэн байгаа дaa гэж санана. Монгол нутаг минь эргэх дөрвөн улиралдаа аль ч нутаг нь сэтгэлд өег сайхан юм гэж үргэлжлүүлэн бодно.
Өөр нэг, хэн нэгэн байсан бол дөрвөлжин байшинд ямар нэг мяндаг-тан дарга, эсвэл даргын дэргэд конторт л өдөр хоногийг элээх биз, гэтэл миний хувь заяа, замнасан замнал гэж.... хээр хөдөө хэрэн хэсэж, хүзүү-гар, нүүр, чих нь сайрдаж (хотын тэр сайхан залуусаа намайг дагуулаад явуул л даа ямар болох нь вэ гэж өөрийгөө тайвшруулаад ) учирсан амрагтаа сахал үсээ авч, тамхи тариагаа багасгаж засаж залруулах өө сэв дүүрэн амьтан эргэж ирнэ.
Хэдэн тэмээ дөхөн ирж буйг хараад, Тэртээ Алтайн уулсын үзүүр гурван сайхаан... гээд өөрийн эрэхгүй аманд уншигдаад ирэх дууны үгсийг аялаад хэсэг зуур завилаад суусан нүдэнд нулимс эвлээд ирэх нь тэр ээ, нутагтаа хүрэлгүй 11 жил болчхож, юу нь дутаж болж бүтсэнгүй гээд бүхэл бүтэн тив алслагдсан биш очиж амждаггүй байна даа гэж санахад, өөрийгөө зэмлэх зэмлэлээс болоод ч тэрүү өнөөх нулимс улам бүр санасан сэтгэлийн мэгшил болон юүлэгдэж, зэрэглээнд сүүмэлзээд байсан хэдэн тэмээ дэргэд ирсэн хирнээ сунаж агшаад дайвалзаад ирэх нь тэр ээ...
Сэтгэгдэл бичих
Энэ бичлэг нийт 1036 удаа уншигдсан.