2009-11-19
элэг, зайдас шарж идэх зуурт
өндөг тэргүүтэн шарах даа өмдтэй байвал илүү дээр,

Намхан хүрээтэй балцгар хайруулын тавагт хайнгадуухан хийсэн тос шажигнаж эхлэх үед яарч хүрч очин хоёр ч өндөг хагалж хийв. Гурав дахь өндөг хүчтэй хагарч нүцгэн хөл дээр гурав дөрвөн дусал халуун тос,.. шарххх,...
мэдээж хөл түлэгдсэн ч үүнээс өглөөний унд илүү чухал, энэ өдөр намар цагийн сүүлийн бороо шивэрч, бүүдийж байгаад жижиг ширхэгтэй хүйтэн шамарга чимээгүй, гунигаар асгарч эхлэв. Тэртээ эрт олон жилийн өмнө зооглосон хойлогны мах түлэнхийний учрыг олох болтугай хэмээн аян замд гарав аа..

Зорьсон газартаа аянд гарснаас хойших гурав дахь хоногийнхоо үд дунд сая нэг хүрч ирэв. машинаас буугаад газрын зураг дэлгээд тэнд мал усалж буй худагт машинтайгаа хүрч очоод ундны ус мөн эсэхийг мөн нэрийг нь асуугаад ир гэж захирангуй өнгөөр бага зэрэг хашхичиж хэлээд ганцаараа үлдэв. энэ мэт хээр гадаа явдаг маань олон боловч энэ удаагийнх их л хүнд хэцүү мэт санагдана. Дагуулж зааж зөвлөх хүнгүй, хэлэлцэх үе тэнгийн найз нөхөд гэж үгүй... анх удаа дангаараа анги ахлан гарч буй маань энэ төдийгүй ерөөс эр зориг дутахгүйн үлгэрийг үзүүлье гэсэндээ хэд гуравхан хоногийн өмнө авсан даалгавраа гял - цал хийхийн төлөөд сэтгэл минь яарч оволзоно. энэ яав ч Солгой худаг мөн болж таарна энүүхэнтэйд л ангиа буулгах минь гэж бодохын хамт өөрийгөө цэгнэн, түрүүхэн хэлсэн хамгийн анхны даалгавраа эргэн бодлоо энэ залуустай хэрхэн харилцах билээ, ерийн байдаг мараалаараа л ширүүн дориун дуутай цүл пал хийсэн яриагаараа хэлэлцэх үү ?... ахлах хүнд зохимж муутай санагдана, эдгээр хүмүүстэй сайн команд болох нь юу юунаас илүү зорьсон зорилго ажил үйлсэд минь хэрэгтэйн дээр зайлшгүй санагдана... яагаад ч юм өнгөн дээрээ ийм л уурласан мэт төрхтэй байдагтаа өөртөө багагүй зэмлэл өгч, өөрөө өөртөө чамаас энэ хүмүүс айхын оронд хүндэтгэдэг байсан нь илүү дээр гэж хэллээ... хөвөрсөн бодлуудаасаа түр ангижрахыг хичээж тамхи асаах зууртаа байршлаа тогтоож амжаад бүх шинжлэх ухааны суурь нь математик л юм даа гэсэн бодол зурсхийж өнгөрөв.
Энэхүү онгон зэлүүд байгалийн үзэмжийг бишрэхийн дээр түүнээс ямар нэг үл яарсан намуун тайван эрчмийг мэдэрч цэнгэг агаараар сэтгэл дүүрэн амьсгалаад байгалийн сайхныг тольдохын сацуу түүний нууцыг тайлна гэдэг юутай завшаантай хэн хүний мөрөөдмөөр хэрэг билээ гэсэн бодол бахархал төрүүлж амжлаа... ингээд ажил маань контортоо ороод ирснийг мэдэрснээр эхлэв...
байгаль эх намайг сканердаж би ч түүнийг өөрийнхөөрөө скайнердав. анхны маршрутаар юу хийх хаашаа чиглэх маань ч тодорхой болж алтай хангайн эзэн харлаг дэх, аргил угалзыг олж хараад сэтгэлээ сэргээв.

Улаанаа чи энэ утаат онгоцыг хараад юу гэж боддог вэ ?
- Улаанбаатарт очвол их дэлгүүрт орж үзээрэй шатыг нь гантигаар хийсэн байдаг юм.
- чи Бээжингээс ч юм уу хаа нэгтэйгээс ирсэн онгоцнууд Улаанбаатарт очсоор байгаад бөөгнөрч гүйцэж байгаадаа гэж бодож байсангүй юу ? үгүй тэр, хардаа ахиад нэг нисэж байна. энэ хоёр чинь мөргөлдөх нь энэ үү дээ... энэ онгоц гэдсэн дээрээ "сайн уу G84 өө" гэж бичсэн байна. манай нутагт тэнгэрт нь ч онгоц нисдэггүй тэр бүү хэл энэ тэр өвөлжөө хаваржаанд нь айл үзэгдэх нь ховор тийм аглаг нутаг байдаг юмдаа...
Улаанаа хариу юу ч эс дуугарна... тэр бол наймдугаар анги төгссөн хэдий боловч тоондоо сайн залуу. Хот руу сургуульд явсан дүү нар хийгээд хөрш аймагт хадамд гарсан эгчээсээ сураг сонсолгүй гурван жил болж байгаа хөрслөг эр. хаяа тамхи тасарсан үед надад ороодог улаанаасаа бэлдэж өгнө. уг нь би ч бас ч үгүй морин дээр явдал дунд нь ороочихдог л байсан хүн. Одоо бол бэлэн савалгаатай, шошигон дээр нь хэрхэн хэрэглэх заавар бичигдсэн бэлэн гоймонгоор хоол хийдэг соёлтой хүн. Улаанаа хаяа нэг, хөнжлөө тийрч унагачихдаа өглөө үүрээр дан гэрт даарч хучлагаа мишокон дотроосоо нэг гараа гаргаж авах үед маань аль хэдийнээ босчихсон галт түлж суух ба зуухны амнаас улалзах галын бүдэг гэрэлд хүрэл царайндаа бодол тээсэн төлөв байдал гарган улаан тамхи татаж суудагсан. түүний хүзүүндээ байнга зүүдэг эрхээс нь болоод түүнийг хаяа нэг дуудахдаа би говийн догшин худагт гэнэ. манайханд мань хүн ярихдаа эрт өнгөрсөн багийн найзынх нь эд гэж хэлсэн тухай сонссон юм байна. улаанаа хаяа уул усныхаа тухай ярихдаа ганцаараа хурдан удмын адуу аваад хөтөлгөө морьтой явж байсан тухайгаа ярина. Тэр ярихаасаа дуугүй байх нь их тул би л өөртэйгөө ярилцаж "Улаан туслахыгаа дагуулаад Да-хүрээний зах дээр уулзан аа гэсэн чинь яалаа даа, яалаа-даа яалаа-даа" хэмээн өөртөө дуулна. түүн рүү харах үед мишээх царай гаргах ба заримдаа үүх түүх хуучлан, нэгэн удаа тэр эрүүл саруул хүү төрүүлээд галзуурсан хамаатных нь эгчийнхээ тухай эмгэнэлтэй хөгтэй явдал хоёрыг зэрэгцүүлэн ярьж намайг баахан баясгаж билээ. эгч нь хорь шахам жил малын баас төдийгүй өөрийнхөө ялгадсыг идэж амттай байгааг нь шагшин гайхаж хүний үгээр хонь мал ноослох үед түнхийнүүдэд ноос чихнэ. хээр гадаа олон өдөр тэнэж яваад эзгүй айлд ороод савтай гисалдаа ууж өнгөрсөн эгч нь 60км газар говьд тэнэсэн байсан гэдэг. уудаг ундаануудын маань хэрэглэх зааварт лонхонд өөр зүйл хийхийг хориглоно гэсэн бичиг байдаг тухай би дотроо бодож сууна...

Цас газар орныг бүхэлд нь нөмөрч айлгаж байснаа хагас өдрийн дотор хайлж үгүй болдог бол энэ удаа тэгсэнгүй ээ. Халуун намраар ирсэн бид өвөлтэй золгоод буцах болов оо.  Биднийг нүүлгэх ачааны машин товлосон өдөртөө ирэлгүй хүнс дуусав. юун түрүүнд нүүрсний уурхай хүрч түлш түлээ авлаа, шуудайгаар нь авбал нэг нь 2500 төгрөг гэх мөртөө тн нүүрс 15н мянган төгрөг гэх учир хагас тн авна гэж төлбөр хийгээд машиндаа багтах хэмжээгээр нь нүүрс шуудайлж хийлээ. орой очиж анги дээрээ хонь төхөөрч шинэ шөл уухдаа гүзээнд нь битүү шөл хийж тогооч болон туслахтайгаа булганав. Бусад маань орой ирж гэдэс идэхдээ хорин хэд наслахдаа ходоод гүзээ хоёрыг ялгахгүй амсрыг нь боосон байдаг тогоочийг анх удаа үзэж буй тухайгаа тохуурхан ярьцгаав. тогооч туслах хоёр булганасан тухайгаа ярихын оронд ингэж хэлүүлсэн нь дээр гэж үзэж буй нь тэдний царай төрхөөс илхэн байна. би гэмгүй тогоочийн үнэн учрыг хэлж ханиадны сураг авснаас хойш орой бүр буцалгаж уусан аарцтай энэ тэнцүү тустай эд болохыг хэлэх зуурт мөнөөх даапаалан дайжигнагсад тэр дороо гомдоцгоож орхив оо. маргааш өдөр машин иртэл бид элэг, зайдас шарж идэцгээв... эрт цагт мөн ийм нүүр хаах газаргүй талд цасанд даруулсан хот айлын цорын ганц эрх жаал хүү байхдаа элэг шарж, том хүрийн толгойг хулгайгаар шулж мах шарж идэж байхдаа яарахдаа ам уруугаа шулсан махаа шууд түүхийгээр нь том гэгч нь үмхэж байснаа саналаа. эгч бид хоёрт тэр хэрэг тухайн үедээ мөн хөгтэй хэрэг байсандаа... Харин яг л бас нэгэн тийм булхайтай хэрэг явдал болж байгаад золтой үхчихсэнгүй өнгөрсөн тухайгаа нэхэн саналаа, томчууд цааш нь тавьсан тарваганы махнаас шөнө илүү гэрт лаа барьж ороод хэрчим мах үмхсэндээ хахаж талийгаач болчихдогийн даваан дээр хүн орж ирээд надад жавтий хүртээсэн маань шийтгэл биш аврал болж билээ. Хэрэв зээ надад ийм дурсамж үгүйсэн бол би энэ удаад ус балгасан мэт байхсан... ерөөс багад хулгайлж идсэн юм л час хийсэн амттай байдаг байсан бол өсөж өндийх бүрд зовж зүдэрч үнэн голоосоо олсон бүхэн л илүү амттай байх юм...
      Хот газрын нээрив хийгээд элдэв түмэн өнгийн учралаас ангид алс тэртээ ийм нэгэн аглаг бөглүү нутагт хүний амьдралын алтан үе хөвөрч өнгөрөхөд олсон гээснээс илүү, хурааж цуглуулсан хөрөнгөөс давсан хүний сайхан дурсамж гэдэг юутай баялаг байх билээ дээ...
Бичсэн: g84 | цаг: 22:57 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


Янз, донж 2 ийг тааруулсан бичлэг чинь, сэмж давс нь таарсан элэг мэт амттай юм аа гэж ... гоё шүү
Бичсэн: Хайгуулч (зочин) цаг: 17:34, 2009-12-03 | Холбоос | |


my nz sain saihan yavad irsen bol bolj dee. saihan bichleg bolson baina
ярзайтал инээх
Бичсэн: arius цаг: 16:51, 2009-12-03 | Холбоос | |


dadido-д цэргийн хүн биш дээ хээрийн байгаль судлаач,

сэмжинд ороосон элэг ч тасарсан гоё шүү энэ утаа нервээс ангид ганц хором ч болтугай өнгөрөөх хэрэгтэй шүү элэг шарж ч юм уу...
Бичсэн: g84 цаг: 14:19, 2009-11-21 | Холбоос | |


их гоё бичлэг байна. өөрийн тань бичлэгийг анх удаа уншиж байна уу да л гэж боджийнэ. Өөрөө цэргийн хүн үү анги манги гээд. Их гоё бичлэг байна. баярлах
Бичсэн: dadido цаг: 10:48, 2009-11-20 | Холбоос | |


сэмжинд ороосон элэг ёоо арааын шүлс хувин хувингаар асгардаг байшд, борлотол нь шажигнатал нь шарааал ёоёо агаарт гармаар болчлоо, уйлах уйлах
Бичсэн: director цаг: 10:37, 2009-11-20 | Холбоос | |


тэврэлт ил гал дээр сэмжинд ороож шарсан элэг, зайдас... drooling Ойрд уншаагүй танил бичлэгийн өнгө төрх, хамт хөдөө, үстэй дээл бакалтай сууж байгаа мэт санагдлаа...
Бичсэн: xvv цаг: 09:17, 2009-11-20 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Friska (зочин) цаг: 00:44, 2009-11-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 1127 удаа уншигдсан.