2008-03-19
Сутайн суран хөхүүд*
наран наашилж буй өдрүүдийн үүлэн чөлөөний завсарт,

 хөх сүүдэрт, Сутайн суран хөхүүд суугаад тамхи нэрнэ.

дээлийнхээ хормойг дэрвээд болохгүй байх тул, завилж суухдаа өвдөг хөлийг сайтар хулдаад тухалж авна. өөр хэн нэгэнд, амьтай бол цуцаж эцэхийг мэдэхгүй үлээх хүчирхэг уушгитай Алтайн салхи, мөн л сэтгэлд хөх өнгийг зураглан үлээх бөгөөд чухамдаа тэд л тэр салхинд эс жиндэн суух ажээ.

өндөр уулсын эгц налуу хажуу нь уулсынхаа хормойг харах боломжийг эс олгох авч цавчим өндөр уулсын салхитай нүцгэн энгэрт, юунд ч эс торох хээрийн салхитай хамт тамхиа хувааж татах эрчүүлд алс холын барааг олж үзэх боломжийг олгох аж. хэдийгээр хахирган цагийн элс шороо боссон салхи аажимдаа тэнгэрийн өнгийг орог саарал, бор шаргалдуу-хан болгох авч, алсын бараа, тэртээх уулс цөм нэгэн өнгөөр уусан нэгдэх нь цэнхэр өнгө юм. цэнхэр-хэн дэлхийн, хөх Монголын энэ л аглаг хөдөөд, хүрэлгэр нүүртэй, ширэлдсэн үстэй, ширвээ сахалтай, байнга л ийм дүртэй байдаг болов уу гэмээр нүдээ онийлгож,  дух, зовхиндоо үрчлээ татуулсан ялгагдах юм бараг үггүй гурван эр тийнхүү өвөр зуураа юу ч эс хэлэлцэнэ сууна. өөр өөрийн дотор байх бодол нь л хааяахан сайн ажих аваас нүүрэнд нь илхэн харагдах авч, аманд нь зажлагдах элс шороо, хүчтэй үлээх салхинд эс дуулдах яриа зэрэг  нь тэдний хувьд  хөөрөлдөхөд нь хэн хэнд нь яршигтай санагдана.

хэдийгээр өглөө тэд тус тусын гэрээс гарсан атал ихэнх зүйл нь нэгэн ижил ажээ. унаж яваа морьд нь хүртэл ижилхэн хар хээр зүсмийн агаад тохсон эмээл нь цөм төмөр бүүрэгтэй цэрэг эмээл байх юм. хангайн харчуул монгол эмээл дээр дөрөөн дээрээ босож явдаг бол Алтайн, Засагт Хааны хөх харчуул ихэнх төлөв, зөөлөн бадуушигтай, жижиг модон хавтастай, голдуу ногоон өнгийн гөлөмтэй эмээл тохох нь илбэг. тэд яг сахь зур-аглагдсан эмээлээс хол зөрүүгүй ижилхэн эмээл тохсон байхаасаа гадна тэдний унаж ирсэн морьдын дэлийг засаагүй байх агаад мөнөөх оргилын салхи тэрхүү дэл сүүлийг тасралтгүй хийсгэх нь эзэнд нь ч моринд нь ч тээртэй санагдана.

их уулсын завсарт байх өргөн хөндий зэрэглээнд их далай тэнгисийн цэнхэртэх мандал дээгүүр нь жирэлзэх хэсэгт хамаг л анхаарлаа төвлөрүүлж суусан хар хүү, цаад биед нь байх хар азарганы нуруу, Хантайширын нурууд газраас тасран хөндийрч хөөрч буйг харахдаа дунд нь байх нэг бол хоосон агаар нөгөө бол ус л тэгж харагдмаар цэхэр цэнхэр өнгийг удтал харж байснаа, амандаа тэндээс бид ч мөн газраас тасархай харагдаж байгаа даа гэж хэллээ. тэгснээ яаравчлан босож, мориныхоо шанханд салхинд хийсэж ирээд наалдсан өргөстэй алтан харганыг авч хаяад буцаж тухлан суув. түрүүнээс хойш юу ч эс хийх эрчүүдийн бодол санаа орчлон дэлхийг тойрох авч бие нь бурхан мэт эс хөдлөх аж. амандаа бувтнаж байсан залуу хар хүү насаар хижээл хоёрынхоо хажууд арай буурь суугаагүй харагдах авч тэд л хорвоогийн өдрүүдэд үнэнийг таниж мэдсэн гэлтэй харагдах ажээ. тэдэнд энэ уулсын ноён оргил өөрийн мэдэлгүй байхад нь ухаан заах мэт сэтгэгдэл төрүүлнэ.

намар оройдоо бороо асгарч манан татах үесэд, залуу хар хүүгийн харж асан говьд нь аймаг сумдын хооронд, аялж Ховдын Булганаар Барлагийн давааг давж хилийн дээс алхан Так-ш-кентыгтыг зорих цуваа зэрэг нь гэрэл чийдэн болж сүр бараатай харагдах авч гурван харчуулын байгаа оргилоос өт хорхой мэт үзэгдэх билээ. үүлс хүртэл нүднийх нь харцаас доогуурхан хөвөх тэрхүү говийн дээрээс тэнгэр эрхэс, бурхад мэт харахдаа хүмүүний хэчнээн өчүүхнийг, таньж.. хорвоогийн барагдашгүй бартааг сэтгэлдээ зураглах нь ядаж цөхөөд байх юмгүй ажгуу.......

2008 оны хавар УБ

 

Бичсэн: g84 | цаг: 02:51 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9)
Сэтгэгдэл:


удсан байна... 12 жил ...
Бичсэн: g84 цаг: 09:07, 2010-05-24 | Холбоос | |


Яагаад нулимс гарах болов? эргэлзэх
Бичсэн: Зохицуулагч цаг: 23:17, 2010-05-22 | Холбоос | |


сая нутгаар яваад ирлээ аргагүй нулимс гарлаа...
Бичсэн: g84 цаг: 14:17, 2010-05-22 | Холбоос | |


нутаг
манай аавын төрсөн нутаг.. энэ сайхан нутагт нэг очоод үзчих юмсан. тагтаа тонхилынх уу? хамаатан болчих юм биш биз.... хэхэ
Бичсэн: тонхил (зочин) цаг: 02:25, 2010-04-28 | Холбоос | |


алтайнх
Бичсэн: g84 цаг: 22:38, 2008-08-29 | Холбоос | |


G84 анд алтаинх уу;;;;хэхэ
Бичсэн: Claus цаг: 23:04, 2008-03-23 | Холбоос | |


belegsaihanii neg saihan shvleg bdag ym altai tuhai tvvniig unshaarai
hiimor saihan altainhaa geed eheldeg ym

holiin saihan akltai nutagt mini holboo nuur ni ......
Бичсэн: g84 цаг: 18:41, 2008-03-23 | Холбоос | |


Ээж Сутай суран хөх хүүхэн ш дээ. ккк. Харин аав Алаг хайрханы асгар хар залуу. Би ч гэсэн Алаг хайрханых. ккк. Бугат, Тонхилоо гэж.ккк yho;winking
Бичсэн: tagtaa цаг: 14:41, 2008-03-18 | Холбоос | |


wow
sutain suran huh erchyyd saihan sh dee
lav l 2 aimgiin 3 sumiin nutgiig hamardag bolohoor bygdeeree l sutain suran huh gej helyyleh durtai baidag gehdee ene haanaas ch haragddag heden zuun km tsaanaas geech
gaihamshihtai hairhan
unur olon hynii buyan zayag daaj yavdag bizdee sutai hairhan
Бичсэн: obod (зочин) цаг: 12:51, 2008-03-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 1439 удаа уншигдсан.