2013-11-01
яачихав даа
давилуун зан, зориг зүрх минь яачихав даа

ширэлдсэн үс, ширэн нүүрээрээ бахтай инээж байснаа, хавь ойр сүргээс тасарсан хэд гурван зээр гөрөөс гунигийн шившээг савхан хөлөөрөө товшиж, туурайн доороос бүүдгэр тоос аажуухан босгож гүйлдэхийг хараад оройдоо голдуу таардаг урт улаан үнэгийг ажих даа, уулын нөмөр, хөтөл гүвээний завсраар өөрийн чадлыг мэдэн урсаж ядах шанд булагхан, түмэн зүйлийн хээрийн амьтдын явдал гүйдэл хятад тийш чиглэх олон замуудаар огтлогдож, Зүүнбаянгийн нойрмог хөндийн нефтийн цооногуудын хүнгэнэх чимээнд байнгын амар заяаг нэгэнт үзэхийг эс байгаад Их Нартын энгэрт гүйлдэх хэдэн аргал хүзүүндээ GPS-тэй харайж байсныг санаад нэг янзгүй зөн төрөөд өөртөө "энэ бишээ" гэх, нөгөө бол "үгүй дээ мөн" гэх зөрчил тэмцлийг өвөрлөв.

өчигдөр шөнө цасан шуурганд "харц" нь эргэсэн гэр нэгэнт унахаар болоход босож ширээн дээрх элдэв шалдавын хогшлыг хурааж хайрцаглаад амыг нь битүүмжлээд нэгэнт салхитай ноцолдоод дийлэхгүй ээ мэдэрснээр за ямартай ч гэр маань нураад ойчих хүртэл сэтгэл амар унтаж авъя гэж бодмогц өрхний дэвэлтэд байнга дип дипхийгээд байсан чимээ намжсан мэт болж "үхэх нь", "байзнаарай туслах хүн алга уу", "гэрийг даруулах хэрэгтэй" гэх мэтийн түмэн бодол замхарч бөх гэгч нь унтаад өгөв.
Өглөө босоод армаг тармаг цас шуурганд хээрийн ангийн гэрүүдийн завсраар хунгарлаж нүүр нүдгүй шуурч байхыг үзээд зарим нэгэн нь гэр нь аль хэдийн нурж машин даа хоног төөрүүлснийг харахад би давгүй сайхан хоножээ гэж бодогдлоо. Шээх гэж нүүрээ бүлээн усаар угаах дөхөөд буцаж ороход унтсан орон дээр уутан хөнжил дээгүүр тэвхийсэн цас байхыг ажаад даараагүй л хонож, шөнө жиндсэн бол цас хайлмагтаад дулаан алдсан байж таарах байлаа. Өчигдөр орой гэрээс барьсан бор хулгана ичихгүй хөлдөх нь гэж бодогдлоо.

саяхныг болтол байгалийн хатуу ширүүнд алгадуулж мөнтүүнчлэн түүний сайхныг мэдрэх зууртаа түүний нууцыг тайлна гэдэг хосгүй завшаан хэмээн гүн бат итгэлтэй явсан миний дотор өдгөө .... хөгжил цэцэглэлт бүр зам гүүр бүр, уурхай бүр бидний хөгжил цэцэглэлт рүү гулдчин чирч, дэлхийн дэвшлийг авч ирж байнаа гэдэгт нэг л итгэхгүй болоод ирлээ. Халх нөмрөгийн сав газар дахь ховор эмийн ургамлууд Солонгос анжсаар огтлогдож томоохон уурхайгаас хэдэн арван км-т туждаа үргэлжлэх хувилтай замууд чулуурхаг хээрийн эмзэг хөрсийг идэж нэгэн намар ба хаврыг элээхэд үерийн шуудуу болон үлдэж түүнийг дагасан олон салбар замууд дахин үүсэж дараа жил мөн ийм тойргоор үргэлжлэхийг хараад сэтгэл харанхуйлж бачимдал төрөөд эрэмгий гэгч нь ажиллаж чадахгүйд хүрээд байна... зангирсан хөмсөг доор хөнгөн инээмсэглэл хэзээд зохидоггүй, Монгол оо өөрчлөх, Монгол оо шинэчлэх бусдын түмэн хүслийн дунд миний сэтгэл Монгол оо авч үлдэхийн нэг арааг буруу эргэлтээр ажиллуулж галт тэрэгний яралзсан дугуйн дундаас ганц дугуй буруу тийшээ эргэвэл яах вэ ? гэдэг шүлэг шиг болж байх шиг
Өөрийгөө хайж яваа хэн нэгнээс өөрийгөө алдчихгүйг хичээж яваа нэгэн нь илүү хүнд ба хэцүү замаар замнадаг ажээ...

....Явж байгаа галт тэрэгний
Яралзсан олон дугуй дотор
Ганц дугуй гэдэргээ эргэх гэвэл юу болох вэ?
Гал оч бутарч
Ган төмөр гурил шиг мушгиулж
Гаргуундаа гараад
Газрын хэвгийд хаягдаж зэвэрч
Дахиад шороо болно
Даяар олныг тэгэхээр
Дагахаас өөр яах вэ....

Бичсэн: g84 | цаг: 14:35 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 719 удаа уншигдсан.